Дональд Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнитай хамт
Импорт 9-р сарын 29-нд хүчин төгөлдөр болно.

Хоёр орны худалдааны зөрчил хурцадсаар байгаа энэ үед Канадын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнийг хориглосноо Цагаан ордон мэдэгдэв.

Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт төрөл бүрийн бүтээгдэхүүн, тэр дундаа соёолжны шар айраг, дарс, сидр, виски, архи зэрэг согтууруулах ундааг хориглох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Мөн том оврын мотоцикл, мопед уг арга хэмжээнд багтсан бөгөөд хориг есдүгээр сарын 29-нд хэрэгжиж эхэлнэ.

АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир уг шийдвэрийг "Америкийн чухал экспортын бараа бүтээгдэхүүнд Канад улс үргэлжлүүлэн ялгавартай хандаж байгаагийн зүй ёсны үр дагавар" хэмээн нэрлэв.

Мөн мягмар гарагт Канадын зүгээс АНУ-аас импортлох 20 тэрбум ам.долларын үнэ бүхий бараанд ногдуулах тариф хэрэгжиж эхэлжээ. Уг тариф нь ган, сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн салбарын 700 гаруй нэр төрлийн бараанд хамаарна. Энэ нь Трампын засаг захиргаанаас Канадын эсрэг тогтоосон тарифын хариу арга хэмжээ бөгөөд Вашингтон Канад улсыг худалдааны харилцаанд Америкийн бараа бүтээгдэхүүнийг ялгаварлан гадуурхдаг гэж үзэж байгаа юм.

"Канад олон жилийн турш Америкийн Нэгдсэн Улсыг шулж ирсэн. Манай фермерүүд болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулдаг тэдний инээдэмтэй өндөр тариф нь эдгээр агуу Америкийн эх орончдын амьдралыг боломжгүй болгож, хоёр орны хооронд 60 тэрбум ам.долларын алдагдлыг олон жилийн турш бий болгосон. Энэ бол тогтвортой зүйл биш, одооноос ИНГЭХГҮЙ!" гэж Трамп шийдвэрээ наймдугаар сард зарлахдаа хэлсэн байна.

Канадын тарифыг зөвтгөхдөө Трамп 96 жилийн өмнө батлагдсан хуульд тулгуурлажээ. 1930 оны Тарифын тухай хуулийн 338 дугаар зүйлд өөр улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг ялгаварлан гадуурхсан нь тогтоогдсон тохиолдолд ерөнхийлөгч тариф тогтоох эрхтэй гэж заасан байдаг.

Сүүлийн үеийн санал асуулгаар худалдааны дайнд олон нийт таагүй хандаж байгааг харуулжээ. Reuters/Ipsos-ийн санал асуулга-гаар оролцогчдын 20 хувь нь Канадын бараанд ногдуулах Трампын тарифын нэмэгдлийг дэмжсэн бол 57 хувь нь эсэргүүцсэн байна. Харин 27 хувь нь уг бодлогын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.

Тарифын нөлөө Канадын эдийн засагт ч хурдан мэдрэгдэж, 90 мянган ажлын байрыг эрсдэлд оруулж болзошгүй байна. Калгаригийн их сургуулийн эдийн засгийн профессор Тревор Томбегийн тооцоолсноор, АНУ руу экспортолдог Канадын барааны борлуулалт огцом буурвал 52 мянга гаруй ажлын байр шууд эрсдэлд орно. Үүн дээр ханган нийлүүлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчдийн салбарын 35 мянган ажлын байр нэмэгдэнэ. Макдональд-Лорье институтийн нийтэлсэн түүний шинжилгээнд нийт ажлын байрны алдагдал 87 мянгаас бага зэрэг давж, Канадын ажилгүйдлийн түвшин 6.4 хувиас ойролцоогоор 6.8 хувь болж өсөж болзошгүй гэж тооцжээ.

Томбегийн шинжилгээгээр машин механизм, электроник, хуванцар ба резин, тавилга, модон бүтээгдэхүүн, химийн бодис, хүнс, хувцас үйлдвэрлэлийн салбарууд хамгийн их эрсдэлтэй байна. Онтарио мужид ойролцоогоор 36 мянган ажлын байр, Квебект 18 мянга, Бритиш Колумбид 11 мянган ажлын байр алдагдаж болзошгүй. Альберта мужийн экспорт тарифын шууд нөлөөнд харьцангуй бага өртөх ч тус мужийн бизнесүүд Канадын бусад бүсийн экспортлогчдод тээвэр болон бусад үйлчилгээ үзүүлдэг тул 9 мянга орчим ажлын байр алдагдаж болзошгүй байна.