Z үеийнхэн анхан шатны ажлаас татгалзаж, хиймэл оюунд түшиглэсэн бизнес эхлүүлж байна
Шинэ тайланд дурдсанаар Америкийн залуус уламжлалт компанийн ажлаас илүүтэй бизнес эрхлэхийг сонгох болжээ.

Америкийн залуусын улам бүр олноороо бизнес эхлүүлэхийг сонгож, их сургуулиа төгсөөд компанид анхан шатны ажилд орох уламжлалт замаас татгалзаж байна. Хиймэл оюун ухаан бизнес эхлүүлэх зардлыг бууруулж, үйл явцыг хялбар болгосноор зарим залуус ажлын туршлага багатай байхдаа компани байгуулж эхэлжээ.
Бабсоны коллежийн Дэлхийн бизнес эрхлэлтийн мониторын судалгаагаар 2025 онд 18-34 насны америкчуудын 23 орчим хувь нь бизнес эсвэл нэмэлт төсөл эрхэлж байжээ. Энэ үзүүлэлт 2021 онд 19 хувь байсан юм. Харин 18-24 насныхны бизнес эрхлэлтийн идэвх сүүлийн арван жилд хоёр дахин нэмэгджээ.
Энэ сонирхол Z үеийнхний дунд онцгой өндөр байна. Цалингийн тооцооны үйлчилгээ үзүүлэгч Gusto компанийн 2026 оны тайланд дурдсанаар, 2025 онд шинээр эхэлсэн бизнесүүдийн 9 хувийг Z үеийнхэн байгуулсан бол baby boomer үеийнхний эзлэх хувь 5 хувь байжээ. Энэ нь Z үеийн бизнес эрхлэгчид baby boomer үеийнхнийг шинээр байгуулсан бизнесийн тоогоор анх удаа давсан тохиолдол болсон ч нийт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн дунд залуусын эзлэх хувь бага хэвээр байна.
Өргөн хүрээний судалгаанууд ч энэ хандлагыг баталж байна. Intuit QuickBooks-ийн судалгаагаар, Z үеийн оролцогчдын 43 хувь нь 2026 онд бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Энэ үзүүлэлт миллениал үеийнхний дунд 39 хувь, X үеийнхний дунд 21 хувь байжээ.
Олон залуу америк хүний хувьд бизнес эрхлэхийн гол татах хүч нь зөвхөн өндөр орлого олох боломж биш. Бизнесийн эзэн болсноор ажлын цаг, карьерын шийдвэр болон ирээдүйн боломжоо компанийн шатлан дэвших тогтолцоонд баригдалгүйгээр илүү хянах боломжтой болдог.
Энэ чиг хандлагад гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь өмнө нь гаднын мэргэжилтэн эсвэл нэмэлт ажилтнаар хийлгэдэг байсан ажлуудыг гүйцэтгэх хиймэл оюуны хэрэгслүүд улам хүртээмжтэй болж буй явдал юм.
Gusto-гийн мэдээлснээр, 2025 онд бизнес эхлүүлсэн Z үеийн бизнес эрхлэгчдийн 71 хувь нь гарааны үйл явцдаа хиймэл оюун ашигласан байна. Харин baby boomer үеийн үүсгэн байгуулагчдын дунд энэ үзүүлэлт 42 хувь байжээ. Залуу бизнес эрхлэгчдийн гуравны хоёроос илүү нь хиймэл оюун бизнесээ илүү хурдан, бага зардлаар эхлүүлэхэд тусалсан гэж хариулсан байна.
Хиймэл оюуныг бизнесийн санаа боловсруулах, захиргааны ажлыг хариуцах, үйл ажиллагаагаа зохион байгуулахад ашиглажээ. Судалгаанд хамрагдсан Z үеийн үүсгэн байгуулагчдын талаас илүү хувь нь бизнесийн санаа гаргахад хиймэл оюуны тусламж авсан байна.
Энэ технологийг бизнес эрхлэгчид нийтээрээ ашиглах нь ч нэмэгдэж байна. Gusto-гийн мэдээллээр, бүх үеийнхнийг хамруулсан шинэ бизнесүүдийн дундах хиймэл оюуны хэрэглээ 2023 онд 21 хувь байсан бол 2025 онд 44 хувь болж өсжээ.
Гэхдээ залуу америкчуудын эхлүүлж буй бизнесүүд заавал технологийн компаниуд биш. Gusto-гийн 2026 оны долдугаар сард нийтэлсэн судалгаанд 500 мянга гаруй жижиг бизнесийн цалингийн мэдээлэл болон 1,051 үүсгэн байгуулагчийн санал асуулгыг ашигласан бөгөөд Z үеийн бизнес эрхлэгчид ахмад үеийн бизнес эрхлэгчдээс биечлэн үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэх магадлал хоёр дахин их байжээ.
Хөдөө аж ахуй, зочлох үйлчилгээ, амралт зугаалга, жижиглэн худалдаа болон мэргэжлийн ур чадвар шаардсан ажил үйлчилгээний салбарт залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл өндөр байв.
Эдгээр бизнесүүдэд мөн хиймэл оюун гүйцэтгэхэд харьцангуй хэцүү ажил ихэвчлэн багтдаг. Z үеийнхний эзэмшдэг компаниуд цалингийн зардлынхаа ойролцоогоор 30 хувийг хиймэл оюунд өртөмтгий гэж тооцогддог ажилд зарцуулжээ. Бүх бизнесийн хувьд энэ үзүүлэлт 36 орчим хувь байсан байна.
Залуу бизнес эрхлэгчид өдөр тутмын үйл ажиллагаагаа өөрсдөө хариуцах нь мөн илүү байжээ. Тэдний дөнгөж 26 хувь нь өөрийн албан үүргийг удирдлагын ажил гэж тодорхойлсон бол ахмад бизнес эрхлэгчдийн 68 хувь нь ингэж хариулсан байна.
Ингэснээр залуу бизнес эрхлэгчид захиргааны ажлаа хиймэл оюунд даатгаж, биечлэн оролцох шаардлагатай үйлчилгээндээ төвлөрөх боломжтой болжээ.
Бизнес эрхлэх сонирхол нэмэгдэж буй энэ үе нь хиймэл оюун уламжлалт ажил эрхлэлтийн талаарх хүлээлтийг өөрчилж, ялангуяа судалгаа, мэдээлэл боловсруулах болон бусад давтагддаг оффисын ажлын шинжийг өөрчилж буй үетэй давхцаж байна.
Гэхдээ байгаа мэдээллээс харахад ажил олдохгүй байснаас болж залуу америкчууд хувиараа бизнес эрхлэхэд хүрч байна гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй.
Gusto-гийн судалгаанд хамрагдсан Z үеийн бизнес эрхлэгчдийн дөнгөж 8 хувь нь өөрсдөө эсвэл хамтрагч нь ажилгүй болсон тул бизнес эхлүүлсэн гэж хариулжээ. Харин 13 хувь нь орлогоо нэмэгдүүлэх хэрэгцээ, хүсэл шаардсан гэж хэлсэн байна.
Мөн ажил эрхэлж байгаад шууд хувиараа бизнес эрхлэх болсон залуусын тоо нэмэгдсэн бол ажилгүй байдлаас бизнес эрхлэлт рүү шилжсэн хүмүүсийн хувь харьцангуй тогтвортой хэвээр байжээ.
Залуусын хөдөлмөрийн зах зээлд ерөнхийдөө ахиц гарсан байна. Хөдөлмөрийн статистикийн товчооноос мэдээлснээр, 16-24 насны америкчуудын ажилгүйдлийн түвшин 2026 оны долдугаар сард 9.1 хувь болж, өмнөх оны мөн үеийн 10.8 хувиас буурчээ.
Тус насны бүлгийн 53.8 хувь нь ажилтай байсан нь 2025 оны долдугаар сарын 53.1 хувиас өссөн үзүүлэлт юм.
QuickBooks-ийн судалгаагаар бизнес эрхлэхээр төлөвлөж буй америкчуудын бараг тал буюу 47 хувь нь бизнес эхлүүлэх зардлыг хамгийн том саад гэж нэрлэсэн байна. Судалгаанд оролцогчид бизнес эхлүүлэхэд ойролцоогоор 28 мянган ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон бол мэдээлсэн эхлэлийн зардлын медиан нь 12 мянган ам.доллар байжээ.
© Copyright IBTimes 2026. All rights reserved.

