Ямаа самнаж байна

Дэлхийн банк: Бодлогын шинэчлэл хийснээр олон мянган ажлын байр бий болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой

УЛААНБААТАР — Монгол Улс эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас гаргаж, хувийн хэвшилд түшиглэсэн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд ноолуурын боловсруулалт, нар ба салхины эрчим хүч, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын хайгуул гэсэн гурван салбарт хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Дэлхийн банкны группийн шинэ судалгаанд дурджээ.

Дэлхийн банкны Монгол Улсын Хувийн Хэвшлийн Салбарын Оношилгоо (Country Private Sector Diagnostic, CPSD) тайланг есдүгээр сарын 10-нд нийтэлсэн бөгөөд судалгааны гол үр дүнг 10 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод болсон "Unlocking Private Investment for Mongolia's Economic Diversification" арга хэмжээний үеэр төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон хөгжлийн байгууллагуудын төлөөлөлд танилцуулсан байна.

Дэлхийн банкны үнэлгээгээр эдгээр гурван салбарт шаардлагатай бодлогын болон зохицуулалтын шинэчлэлийг хэрэгжүүлбэл хэдэн зуун сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татаж, олон мянган ажлын байр бий болгох боломжтой байна. Гэхдээ эдгээр нь баталгаатай хөрөнгө оруулалтын хэмжээ бус, санал болгож буй шинэчлэлүүд хэрэгжсэн тохиолдолд бий болох боломжит үр дүнгийн тооцоо юм.

Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага

Монгол Улс сүүлийн хэдэн арван жилд хөдөө аж ахуйд түшиглэсэн эдийн засгаас уул уурхайд төвлөрсөн эдийн засаг руу шилжсэн. Дэлхийн банкны CPSD тайланд дурдсанаар 2015–2024 онд Монголын эдийн засгийн жилийн дундаж өсөлт 3.8 хувь байсан бөгөөд энэхүү өсөлтийн гол хөдөлгүүр нь ашигт малтмалын олборлолт байжээ.

Уул уурхайн салбарын тэлэлт Монгол Улсыг 2024 онд дундаас дээш орлоготой улсын ангилалд шилжихэд чухал хувь нэмэр оруулсан ч эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, экспорт уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай хэвээр байна.

Тиймээс Монголын хувьд зөвхөн уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх бус, одоо байгаа түүхий эдийн нөөцөө илүү өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох, шинэ экспортын салбарууд бий болгох, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах нь урт хугацааны өсөлтийн чухал хэсэг болж байна.

Дэлхийн банкны судалгаанд энэ асуудлыг хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд, салбар тус бүрт тулгарч буй тодорхой саад бэрхшээл болон тэдгээрийг бууруулах шинэчлэлүүдийг санал болгожээ.

Ноолуур: Дэлхийн түүхий эдийн 40 хувийг нийлүүлдэг ч нэмүү өртгийн ихэнхийг алдаж байна

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын нийлүүлэлтийн ойролцоогоор 40 хувийг бүрдүүлдэг ч тус улсын үйлдвэрлэлийн хамгийн том боломжуудын нэг болох ноолуурын салбарын үнэ цэнийн сүлжээнд дотоодын оролцоо харьцангуй бага хэвээр байна.

Дэлхийн банкны мэдээллээр Монголд нийт түүхий ноолуурын ердөө 20 орчим хувь нь дотооддоо боловсруулагддаг бөгөөд боловсруулсан бүтээгдэхүүний ихэнх нь эцсийн бүтээгдэхүүн биш, хагас боловсруулсан ширхэгт хэлбэрээр экспортлогддог.

Өөрөөр хэлбэл Монгол Улс дэлхийн зах зээлд чухал хэмжээний түүхий эд нийлүүлдэг боловч эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, брэнд, борлуулалтын шатанд бий болдог өндөр нэмүү өртгийн тодорхой хэсгийг бусад улс оронд үлдээж байна.

Дэлхийн банкны тооцоолсноор түүхий ноолуурыг утас, ширхэгт болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хязгаарлахын оронд эцсийн бүтээгдэхүүн, тэр дундаа бэлэн хувцас үйлдвэрлэх чиглэлд шилжүүлбэл ижил хэмжээний түүхий эдээс бий болох үнэ цэнийг 200 гаруй хувиар нэмэгдүүлэх боломжтой.

Үүний тулд ноолуурын ширхэгтийн чанарын стандартыг сайжруулах, үнэ тогтоох механизмыг боловсронгуй болгох, үйлдвэрлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын шинэчлэл шаардлагатай гэж тайланд дурджээ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж чадвал ноолуурын салбар 2030 он гэхэд $150 сая орчим хувийн хөрөнгө оруулалт татаж, 5,000 хүртэлх ажлын байр бий болгох боломжтой гэж Дэлхийн банк тооцоолсон байна. Үүний нэг давуу тал нь ноолуурын үйлдвэрлэлийн түүхий эдийг хөдөө орон нутгаас нийлүүлдэг учраас ажлын байр, орлогын өсөлтийг зөвхөн нийслэлд бус орон нутагт бий болгох боломжтой юм.